onsdag 28 april 2010

Физик


Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.
Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг. Физик нь туршлагын үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дvнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг. Физикийн тулгуур онолууд Сонгодог механик (классик механик) нь биесийн харилцан байршил өөрчлөгдөх хамгийн энгийн хөдөлгөөний шалтгаан, зvй тогтолыг судалдаг физикийн салбар юм. Сонгодог механикийн vндсэн хуулиудыг томьёолсон Ньютоны нэрээр "Ньютоны механик" гэж ярьдаг. Сонгодог механик нь хөдөлгөөнгүй биетүүдийг загварчилдаг статик, хөдөлж буй биетүүдийг загварчилдаг кинематик, ба хүчний үйлчлэл дор буй биетүүдийг загварчилдаг динамик гэсэн хэсгүүдэд хуваагддаг. Цахилгаан соронзон хэмээх салбар нь цахилгаан соронзон орны шинж чанарыг судална. Цахилгаан цэнэгтэй байх нь бөөмсийн үндсэн шинж чанар бөгөөд тvvнтэй холбоотой vзэгдлvvдйиг энэ салбарт авч vздэг. Термодинамик нь дулааны үйлчлэл ба энергийн нэг төлөвөөс нөгөөд шилжих хувирал, эдгээрийн температур, даралт, эзэлхүүн, механик үйлчлэл, ажил зэрэгт нөлөөлөх нөлөөллийг судалдаг физикийн хэсэг юм. Тэлж буй хийнээс ашигтай ажил гаргадаг дулааны машиныг сайжруулах гэсэн оролдлогуудаас термодинамик төрөн гарсан байна. Статистик механик нь термодинамиктай нягт холбоотой онол ба бүрдүүлж буй жижиг хэсгүүдэд нь статистикийн зарчмуудыг хэрэглэн макро системүүдийг судалдаг. Квант механик нь атомын хэмжээний ба түүнээс жижиг системүүд, тэдгээрийн цацрагтай харилцан үйлчлэлцэх үйлчлэлийг ажиглагдах хэмжигдэхүүнүүдийн тусламжтай судалдаг онолын физикийн салбар юм. Квант механик нь бүх төрлийн энергийг багц багцаар цацардаг гэсэн ажиглалтан дээр үндэслэгддэг. Харьцангуйн онол нь дараах хоёр онолоос бүтнэ: Харьцангуйн тусгай онол нь (1) вакуум дахь гэрлийн хурд тогтмол ба гэрэл үүсгэгч ажиглагчийн аль алинаас хамаарахгүй, мөн (2) бүх инерциал тооллын системүүд дэх физикийн хуулиудын математик илэрхийлэл ижил байна гэсэн хоёр постулат дээр үндэслэгддэг. Эдгээр нь масс ба энергийн эквивалент чанар, хурдтай биеийн масс, хэмжээ ба хугацаа өөрчлөгдөх үзэгдлүүдэд хүргэдэг. Харьцангуйн ерөнхий онол, нь дээрх онолын гравитацийг оролцуулан тооцсон өргөтгөл юм.

Inga kommentarer: