onsdag 14 april 2010

Үдийн цай нь үдийн хор болоод байна


Монголд нэг ийм төсөл яваад байгааг уншиж байхдаа ашгүй дээ гэж бодож сууж билээ. Тэгтэл бас л нөгөө асуудалтай тал нь ил гарч ирэх нь энэ дээ. Монголд нээрээ баталгаатай хүнсний бүтээгдхүүн олоход маш хэцүү болсон гэдэг үг ч толгой дээрээс цохиод авах шиг л боллоо доо. Энэ асуудал яаж шийдэгдэх юм бол янзан бүрийн санал гарч ирж байсан шиг санагдана. Бэлэн мөнгө олгох энэ тэр гээд л миний бодлоор бэлэн мөнгө бэлэн хүнс ялгаагүй юм шиг санагдаад байгаа юм. Хүүхдүүдэд мөнгө олголоо гэж бодоход яг тэр эрүүл хүнс авч идэх чадамж юу билээ мөн хэдэн төгрөг олгогдох гээд л байнаа байна. Өгсөн мөнгөөр нь урдаас орж ирсэн болсон болоогүй юм авч идэж байснаас уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд иймэрхүү юм хийх нь дээр ч юм шиг. Тэгэнгүүт нөгөө айхтар үйлдвэрлэгчид нь баталгаагүй юм хийх юмаа ядаж байхад. Та дараах нийтлэлийг уншаад өөрийн санаа бодлийг хуваалцаарай.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад амин дэм болж тамиp тэнхээтэй байлгах үндсэн зорилготой “Үдийн цай” хөтөлбөр “Үдийн хор” болоод байна, Ё.Отгонбаяр сайд аа.
Нэг бус нэлээд хэдэн удаагийн тохиолдлоор 100 гаруй хүүхэд энэ хоронд амь насаа алдах нь холгүй юм болов. Нийслэлийн Moнгoл-Оросын хамтарсан III сургуулиас эхтэй энэ хордлого газар авч байна. Ховд аймгийн Булган сумын зургаан хүүхэд үдийн цайнаасаа хордсон. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн 50 орчим хүүхэд цусан суулгаар өвдөж, эгээтэй л бурхан болсонгүй. Тэдний араас нийслэлийн 53 дугаар сургуулийн 65 сурагч бас л “Монсүү” компанийн зөгийн балтай сүү, хорхой ааруулаас болж хордсон байна.
Гэтэл зах зээл рүү хандаж, тус компанийн бүтээгдэхүүнийг худалдаанаас хурааж байгаа юм алга. Уучлал гуйсан болоод л өнгөрөх нь. Сургуулийнх нь гал тогоонд хор буцалгачихаад байхад Ж.Соронзон захирал Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай шүүх дээр маргаж мэтгэлцсэн шигээ явж байна. Булган cyмын сургуулийн захирал Н.Баатарсүрэн ч “Буруугүй гэдгээ нотлох болно” хэмээн гэдийж байна. Дараагийн удаад нийслэлиин 53 дугаар сургуулийн захирал юу гэж “Tомpox”-ыг мэдэх юм алга. Бүр болоогүй үдийн цай зөвхөн бага насны хүүхдийг хордуулаад зогсохгүй Ховд аймгийн Зэрэг сумын дарга нарыг хордуулсан байна. Бага балчир хүүхдийг бодоход биеийн эсэргүүцэл сайтай, насанд хүрсэн хүнийг амталгаа хийх төдийхөнд хордуулдаг яасан хүчтэй үдийн цай вэ.
Төр хүүхдийг хооллох ёстой бус эцэг эх нь хооллож, тэжээх үүргээ биелүүлэх цаг болжээ. Эс бөгөөс “Үдийн цай” нь “Үдийн хоол” болсон цагт энэ асуудал улам бүр хурцдах биз ээ. Яамнаас “Үдийн хоол”-ны үйлдвэр байгуулах шинэ санаачлага гаргаж буй. Гэхдээ энэ нь бодит амьдрал дээр хэзээ нээлтээ хийж, хэр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хэр хурдан хугацаанд хүрэх нь бас л ойлгомжгүй санагдана. Нэг ёсны олигтой хариулт олдохгүй байна, сайд аа!
Д.ЭРДЭНЭЧИМЭГ: ХҮҮХДҮҮДИЙГ ЯАМ ХОРДУУЛААГҮЙ ШҮҮ ДЭЭ
“Үдийн цай” хөтөлбөрийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.-”Үдийн цай” хөтөлбөрөөс үүдэж сүүлийн саруудад сурагчид хордох боллоо. Энэ тухайд танай яам яаж хандав, өөрчлөлт болон ямар ажил?
-Энэ асуудлаас үүдээд манай яамнаас сурагчдын хүнсний аюулгүй байдал, аюулгүй хангамж талаас нь асуудлыг хэрхэх шийдэх талаар бодлого боловсруулж байгаа. Үнэндээ нэг сургууль дээр ихэвчлэн хоёр компани ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Үүнийг бүх улсын хэмжээнд хянах нь түвэгтэй. Иймд нэгдсэн компани байгуулах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Хангамжийн нэг тогтолцоотой болсноор хяналт сайжирч, сурагчдад найдвартай хүнс хүргэх боломжтой. Наад зах нь, сурагчдын насны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хугацаа алдалгүй хүргэх зорилго тавьж байгаа. Түүхий эдийг нь хаанаас авах, хэн үйлдвэрлэх, хэнд хэзээ хүргэх гэх мэт үйлдвэрлэлийн шат дамжлага бүрийг тодорхой болгоно.
-Энэ нь сурагчдад чанартай хүнс хүрэх баталгаа болж чадах уу?
-Тусгай лабортароор оруулдаг болно. Эндээс хамгийн гол асуудал нь тусгайлан бэлтгэсэн хоолыг тухайн сургууль дээр халаах нь гол асуудал болоод байгаа юм. Монголд энэ нь шинэ аргачлал ч дэлхийн улс орнуудад аль хэдийнэ хэрэгжиж эхэлсэн туршлага бий. Тэгээд ч онгоцонд хоол хийдэггүй биз дээ. Нэг ёсны тусгайлан бэлтгэсэн хоолыг хэрхэн халаах вэ гэдгийг сургууль бүр бүрэн шийдэх болно.
-Мэдээж хот суурин газарт ингэж асуудлыг шийдэж болно байх. Харин хөдөө орон нутгийн хувьд боломжтой гэж үү?
-Сумдын түвшинд үйлдвэрлэнэ. Сумын сургууль бүр дотуур байртай. Иймд эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын гал тогоонд мэргэжлийн хүнээр сурагчдын хоолыг хийлгэхээр ярилцаж байгаа. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хувьд дээрх жишгээр асуудлыг шийднэ. Харин хөдөө орон нутгийн тухайд гэвэл Төв аймгийн Алтанбулаг суманд туршилт хийж байна.
-Одоогоор техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулж байгаа болохоор яг нарийн тоо хэлэх боломжгүй байна.
-Гол нь сурагчдид хордсонд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой бус байгаа шүү дээ?
-Хордлого олон гарлаа гэж байгаа нь өөрөө харьцангуй ойлголт. Өнгөрсөн 2006 оноос эхлээд сая орчим хүүхдийг “Үдийн цай” хөтөлбөрт хамруулсан. Энэ жил гэхэд 276 мянган сурагчид олгож байна. Энэ дундаас яг хоолны хордлогын хоёр л тохиолдол бүртгэгдэж 134 хүүхэд эмчлүүлсэн байгаа. Дөрвөн жилийн хугацаанд 134 хүүхэд гэдэг үнэндээ бол бага тоо. Гэхдээ “Үдийн цай” хөтөлбөрөөс үүдэж нэг ч гэсэн хүүхэд хордож байна гэдэг нь өөрөө аюул.
-Үүнд тэгээд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал бол ерөөсөө аж ахуйн нэгжтэй холбоотой. Ховд аймгийн Булган сумын сурагчдад үдийн цай нийлүүлж байсан “Булган хөх хөтөл” компани яах аргагүй аюултай бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хүүхэд шууд арван минут болоод л хордсон. “Мон сүү” компани ч тэр нийслэлийн 53 дугаар сургуульд шаардлага хангахгүй сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин Монгол-Оросын III сургуулийн хувьд өдөр өнжүүлэхийн ангид хордлого гарсан. Иймд хүнсний аюулгүй байдлын талаас нь арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна гэж ойлгож болно.Энд тухайн орон нутгийн засаг захиргаа болон аж ахуйн нэгж хариуцлага хүлээх ёстой. Тэдэнтзй хариуцлага тооцох хяналтын систем уг нь Монголд байгаа. Аюул сургууль дотроос бус гаднаас орж ирж байна.
-Тэгвэл сургууль бүрт тусгай лаборатор байх ёстой юм биш үү?
-Тэгэх шаардлага байхгүй. Хүнд зориулсан стандартыг аль аль нь мөрддөг байх хэрэгтэй. Үнэндээ бид аргаа барсандаа л ингэж байна. Уг нь дүрмээ бариад ажиллавал ямар ч асуудал байхгүй. Иймд хяналтын тогтолцоог яаралтай чанаржуулах хэрэгтэй байна. Энэ асуудлыг хариуцдаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэж байгууллага байна. Хүүхдийг аюултай бүтээгдэхүүнээс тэд хамгаалах ёстой. Түүнээс бус Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам сурагчдыг хордуулаагүй шүү дээ.
Г.Отгонжаргал

Inga kommentarer: