tisdag 4 maj 2010

Өнөөдөр Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр

tidning Pictures, Images and PhotosХэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм.


Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Өнөөдөр дэлхий дахин төдийгүй Монгол Улсад сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө мөрдөн мөшгүүлж, дарамтлуулан, торгууль шийтгэл хүлээж буй олон жишээ бий.

Мөн зарим албан тушаалтан өөрсдийн хийсэн булхай бүхнийг сэтгүүлчид илрүүлэх вий гэж эмээсэндээ мэдээлэл авах эрх чөлөөг нь боомилж, дарамт үзүүлэхийг хичээсээр байна. Гэлээ ч энэ бүхнийг ган үзэгтнүүд сөрөн хэвлэлийн эрх чөлөөг улс орондоо дэлгэрүүлэхийг хичээсээр байгаа билээ.

Манай улсын хувьд энэ жил дахин хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ. Уг үзүүлэлтийг дээшлүүлэхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтнууд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хазаарыг бүрэн тавихаас айж байна.

Энэ өдөр "Асуултаар дүүрэн сэтгүүл зүй" уулзалт ярилцлага болно. Энэхүү уулзалт ярилцлагыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл нээж үг хэлэх юм. Мөн энэ үеэр сэтгүүлчид тулгамдаж буй бэрхшээлийнхээ талаар санал солилцох болно.

Inga kommentarer: